Skip to content

“Олон улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын нийгэмлэг”-ийн (IGCS) гишүүдийн 2023 оны уулзалт

Энэ сарын 7-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан “Олон улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын нийгэмлэг”-ийн (IGCS – International Gynecologic Cancer Society) гишүүдийн 2023 оны уулзалтын үеэр хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдар илрүүлгийн “Cerviray AI” системийг “АЙДОТ” компани (Гүйцэтгэх захирал Жон Жэ Хун) танилцуулав.
“Олон улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын нийгэмлэг” (IGCS) нь олон улсын 3,000 гаран эмэгтэйчүүдийн хавдар судлаач гишүүд бүхий дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн хавдар судлалын эрдэм шинжилгээний байгууллага юм.
Уулзалтын үеэр “Илсан Ча” эмнэлгийн “Эмэгтэйчүүдийн хавдрын төв”-ийн профессор Ким Сон Мин “Умайн хүзүүний хорт хавдрын оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийн үр ашиг, аюулгүй байдлыг үнэлэх эмнэл зүйн судалгаа” сэдэвтэй илтгэл тавьж “Cerviray AI” системийн оношилгооны ач холбогдол, давуу талыг танилцуулж олон улсын эмэгтэйчүүдийн хавдар судлаач нарын анхаарлыг татлаа.
Профессор Ким Сон Мин хэлсэн үгэндээ “Cerviray AI” систем нь умайн хүзүүний хорт хавдрын илрүүлгийн үзүүлэлтээр доогуур улс орон, бүс нутгийн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг тухайн эрүүл мэндийн дэд бүтцээс үл хамааран илрүүлэх боломжийг олгож байна. Нэмж дурьдахад “Cerviray AI” систем нь умайн хүзүүний хучуур эдийн эсийн эмгэг өөрчлөлтийг өндөр нарийвчлалтайгаар оношилдог түүнчлэн эмгэгийн байршлыг тодорхойлдог тул умайн хүзүүний дурангийн/кольпоскопи шинжилгээ хийх туршлагатай болон туршлагагүй эмч нар өөрийн оношилгооны туслах төхөөрөмж болгон ашиглахад тохиромжтой юм. Мөн төхөөрөмж умайн хүзүүний хучуур эдийн эсийн хүнд зэргийн гэмтэцийн байршлыг тодорхойлж өгснөөр биопсийн шинжилгээний эд авах байршлыг тогтооход туслах ач холбогдолтойг дурьдлаа.
АЙДОТ компани нь умайн хүзүүний хорт хавдар илрүүлгийн “Cerviray AI” системээс гадна хиймэл оюун ухаанд суурилсан ходооны хорт хавдар илрүүлэх гастроскопи “GIGA dot AI”, бүдүүн гэдэсний колоноскопи “COLON dot AI”, микробиом дээр суурилсан архины гаралтай элэгний хавдар илрүүлгийн “BIO dot AI” системүүдийг олон улсын эрүүл мэндийн зах зээлд нэвтрүүлсээр байна.

Эх сурвалж: https://www.wowtv.co.kr/NewsCenter/News/Read?articleId=A202311080317&t

Back To Top
Search